|
|
|
"Та чадна гэж бодож байвал таны зөв та чадна. Та чадахгүй гэж бодож байвал мөн таны зөв та чадахгүй." - Хенри Форд |
|
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт бага хэмжээний өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 48,964.76 нэгжид хүрч, 0.07 хувийн өсөлттэй хаагдлаа. Зуны улирал дуусаж буй тул цаашид Монголын хөрөнгийн биржийн дээрх арилжааны идэвх идэвхжих хүлээлттэй байна.
- ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 9 сарын 3-д Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Хоёр Улсын Ерөнхийлөгч нар иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд суурилсан ОХУ-Монгол Улсын харилцааг цаашид хөгжүүлэх хэтийн төлөвийн талаар ярилцаж, олон улсын болон бүс нутгийн цаг үеийн асуудлаар санал солилцох төлөвлөгөөтэй байна гэж хэвлэлийн албанаас мэдэгдээд байна. Мөн хоёр Улсын ерөнхийлөгч нар стратегийн түншлэлийн харилцаатай холбоотой холбогдох бичиг баримтуудад гарын үсэг зурах хүлээлттэй байна. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Монгол Улсын Ерөнхий Сайд Л. Оюун-Эрдэнэ нартай мөн хэлэлцээ хийх хүлээлттэй байна.
- Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог үнэлгээний “Fitch Ratings” агентлаг “Mongolian Mining Corporation” компанийн зээлжих зэрэглэлийг “B” буюу тогтвортой хэмээн үнэллээ.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс 8-р сарын эхэн үед оргил үеэсээ 10 хувь орчмоор унаж засвар хөдөлгөөн хийсэн билээ. Тэгвэл 8-р сарын дунд болон төгсгөл өдрүүдэд үргэлжилсэн өсөлтөө хадгалж засвар хөдөлгөөний алдагдлыг нөхлөө. Зах зээл үргэлжилсэн өсөлтөө хадгалахад эдийн засгийн үргэлжилсэн өсөлт, хувьцаат компаниудын ашигт ажиллагааны өсөлттэй үзүүлэлт болон Холбооны нөөцийн сан бодлогын хүүг бууруулахад бэлэн болсон нь гол нөлөөтэй байна. 7 хоногт S&P 500 индекс 0.24 хувь, DJIA индекс 0.94 хувь тус тус өссөн бол технологийн NASDAQ Composite индекс 0.92 хувийн тус тус уналттай байлаа.
- S&P 500 индекс дэх компаниуд дундаас зах зээлийн үнэлгээгээрээ APPLE компанийн араас 2-т эрэмбэлэгддэг, S&P 500 индексэд 6 хувийн нөлөө үзүүлэгдэг, чип үйлдвэрлэлийн NVIDIA компанийн хувьцааны ханш өнгөрөгч 7 хоногт 7.73 хувийн бууралттай хаагдлаа. Тус компанийн хувьцааны өсөлт технологийн компаниудын энэ жилийн өсөлтөд хамгийн гол нөлөөг үзүүлээд буй юм. Өнгөрөгч 7 хоногт 7.73 хувийн уналттай хаагдсан хэдий ч NVIDIA компани нь жилийн эхэн үеэс хойш 141.04 хувь өссөн үзүүлэлттэй байна.
- АНУ-ын 7-р сарын хувийн хэрэглээний зардлын индекс (PCE) зах зээлийн анхаарлыг ихээр татлаа. 7-р сарын хувийн хэрэглээний зардлын индекс жилийн өмнөх үеэс 2.5 хувь өссөн буюу өнгөрөгч сараас өөрчлөлтгүй гарлаа.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Европын хувьцааны зах зээлийг төлөөлөх STOXX Europe 600 индекс өнгөрөгч 7 хоногт 1.34 хувийн өсөлт үзүүлж бүх цаг үеийн дээд түвшнийгээ шинэчиллээ. Инфляцын түвшин бууралттай байгаа нь Европын төв банкийг бодлогын хүүгээ 9-р сард болох хурлаар бууруулах магадлалыг илүү нэмэгдүүлж байгаа тул Евро бүсийн хувьцаанууд өсөлттэй байлаа.
- Евро бүсийн 8-р сарын инфляцын түвшин 2.6 хувиас 2.2 хувьд хүрч буурлаа. Энэ нь сүүлийн 3 жилийн хамгийн доод түвшин юм. Европын төв банкны зорилтот инфляцын түвшин 2.0 хувь юм. Хүнс эрчим хүчний нөлөөг хассан суурь инфляцын түвшний хувьд 2.9 хувиас 2.8 хувь болж буурлаа. Инфляцын түвшин бууралттай байгаа хэдий ч төв банкны зарим бодлого боловсруулагчид суурь дарамт бүрэн арилаагүй гэх шалтгаанаар хүүг эрт бууруулах нь зохимжгүй гэж онцолж байна.
- Евро бүсийн 8-р сарын бизнес эрхлэгчид болон хэрэглэгчийн судалгааны индекс 96-аас 96.6 болж өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь сүүлийн 1 жил гаруй хугацааны хамгийн өндөр үзүүлэлт юм.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Nikkei 225 индекс 0.74 хувь, TOPIX индекс 1.04 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. Япон улсын хувьцааны зах зээл 8-р сарын эхэн үед Япон улсын төв банк бодлогын хүүгээ өсгөснөөс үүдэн хүчтэй уналт үзүүлсэн бол сарын сүүл үед эргэн өсөлт үзүүлж алдагдлаа нөхөж хаагдлаа.
- Япон улсын төв банк болон АНУ-ын төв банк хоорондын бодлогын хүүгийн зөрүү буурч буйтай холбоотой Япон улсын иен ам.долларын эсрэг 2 сар дараалан чангарлаа.
- Токио хотын 8-р сарын суурь инфляцын түвшин 2.2 хувиас 2.4 хувь болж өссөн үзүүлэлттэй гарлаа. Япон улсын төв банкны бодлого боловсруулагчид ирээдүйн инфляцын түвшин, эдийн засгийн өсөлт төв банкны таамгийн дагуу байх өндөр магадлалтай хэвээрээ байна гэж онцлоод байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын томоохон компаниудын ашигт ажиллагаа зах зээлийн хүлээлтэд хүрээгүй нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөллөө. Үүний улмаас тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.43 хувь, CSI 300 индекс 0.17 хувийн тус тус уналттай хаагдлаа.
- БНХАУ-ын эдийн засагчид тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын удаан хугацааны уналт үргэлжлэхийн зэрэгцээ дотоодын эрэлт сул байгааг онцолж улсын эдийн засгийн өсөлтийг 2024 оны таамаглалдаа хүрэхгүй байж болно хэмээн онцолж байна. БНХАУ-ын 2024 оны эдийн засгийн өсөлтийн зорилго 5.0 хувь юм.
- БНХАУ-ын Ардын банк дунд хугацааны зээлийн эх үүсвэрээр дамжуулан банкны системд 300 тэрбум юань нийлүүллээ.
|
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
|
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 3.91 хувьд хүрч өслөө. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.64 хувиас 6.80 хувийн хооронд байна.
Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 11.28 хувь, MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 7.88 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна. Мөн Голомт Банк ХК-ийн бонд 10.49 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна
Мөн харилцагч та АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой. |
|
Дэлгэрэнгүй |
|
|
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
|
"ИНВЕСКОР ЭЙ БИ ЭС ТЗК" ХХК-ИЙН ИНВЕСКОР ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА 2024.08.30
Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 384 тоот тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/334 тоот тушаалаар бүртгэгдсэн "Инвескор Эй Би Эс ТЗК" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авлаа.
Арилжааны системд нийт 50,000,000,000 /тавин тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий 500,000 /таван зуун мянга/ ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авахаар нийт 120 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа
Дэлгэрэнгүй |
|
УУЛ УУРХАЙН БИРЖИЙН ЗАРИМ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА 2024.08.22
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 сарын 23-ны өдөр Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталж, 2023 оны 06 сарын 30-ны өдрөөс эхлэн даган мөрдөж эхэлснээр уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах эрх зүйн зохицуулалт бий болсон.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 59 дугаар тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 385 дугаар тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК гүйцэтгэж байна.
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг зуучлагч (брокөр)-аар дамжуулан зохион байгуулах ажлын хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлөөр дараах журмуудыг шинэчлэн баталж, мөрдүүлэх гэж байна. Үүнд:
1. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны журам; 2. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны төлбөр тооцооны журам; 3. Арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам; 4. Уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалах брокерын гишүүнчлэлийн журам.
Дэлгэрэнгүй |
|
|
|